-0ффшортой холбоотой асуудлыг зохицуулахын тулд Сонирхлын зөрчлийг зохицуулах түхай хуульд өөрчлөлт оруулахаар болж байна. Төслийн үзэл баримтлалыг тодруулахгуй юу?
-Өнөөдөр төрийн алба хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийн банкин дахь аливаа дансны талаар мэдээлэх үүрэг хүлээлгэсэн боловч оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон зүйл, заалт ерөөсөө байдаггүй. Хуулиар хориглосон зүйл заалт алга байна гээд яваад байхаар нийгэмд оффшортой холбоотой элдэв хардлага сэрдлэг, үл ойлголцол улам даамжрах шинжтэй боллоо.
Тэгэхээр үүний зааг ялгааг тогтоож, юу нь болох, юу нь болохгүйг хуулиар нэг мөр ойлгомжтой болгох нь зүйтэй юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой зорилт туссан. Энэ үндсэн дээр нийтийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
-Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын гэр бүлийнхэн оффшор бүсэд данс нээлгэж, мөнгө байршуулж, компани байгуулсан бол яах вэ? Энэ асуудлыг дээрх хуулиар зохицуулсан уу?
-Хуулийн төсөл боловсруулах явцад энэ асуудал хөндөгдсөн. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийнх нь Үндсэн хууль, Хүний эрхийн конвенциор хамгаалагдсан үндсэн эрхийг хязгаарлах боломж Үндсэн хуулиар хаалттай байдаг. Харин тухайн албан хаагч гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг ашиглан оффшор бүсэд данс эзэмшсэн, компани байгуулсан асуудлын цаана ямарваа нэг гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулагдаж байвал холбогдох хуульд заасны дагуу Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох бүрэн боломж нээлттэй.
-Гэр бүлийнх нь хүмүүст оффшор бүсэд үйл ажиллагаа эрхлэхийг нь зөвшөөрсөн бол энэ хуулийг батлахын хэрэг байна уу?
-Төрд аав ээж, ах дүү хэн нэгэн нь ажиллаж байгаагаас болж бусдынх нь Үндсэн хуульд заасан хууль ёсны үндсэн эрхийг нь шууд хязгаарлаж болохгүй. Харин хэрвээ чи төрд ажиллах гэж байгаа бол, хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаал дээр очвол оффшор бүсэд данс эзэмшиж, компани байгуулж болохгүй гэдгийг л хуулиар тов тодорхой тогтоож өгч байгаа юм. Мөн дахиад хэлэхэд авлигаар олсон мөнгөө, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон бохир мөнгөө гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр нууж байгаад хуулийн хараа хяналтаас мултарна гэж бодож байгаа бол эндүүрэл.
-0ффшор бүсэд Монголын хэдий хэрийн хөрөнгө байршдаг бол?
-Энэ талаар яг албан ёсны мэдээлэл байхгүй. Гэхдээ 1990-2015 оны хооронд Монгол улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа бий. Одоо ч манай улсад хууль ёсоор бүртгэгдэн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байж л байна.
Тэдгээрийг бид хууль ёсных шүү гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, оффшорт бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших бол хууль ёсны зүйлээ гэдгийг тодорхой болгож байгаа юм. Оффшор гэхээр л “хадны мангаа” харсан юм шиг хашгирдаг, оффшортой холбож улс төрийн өрсөлдөгчөө харлуулан хэлмэгдүүлдэг явдлыг таслан зогсоох цаг болсон. Нэг ёсондоо хууль ёсны эрүүл “оффшор”, хулгай дээрмийн хуудуутай “оффшор” хоёрыг ялгаж салгах цаг нь болжээ.
-Цэвэр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн оффшор бүсэд ажиллах эрхэд халдах ёсгүй л байх. Гэхдээ улстөр, бизнес хоёр нь хүзүү сээрээрээ холбогдсон нөхцөлд тодорхой хаалт тавьж, хязгаарласан зохицуулалтыг хийхгүйгээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь бизнесийнхнээр дамжуулж ажиллаад байвал яах вэ?
-Бизнес эрхэлж байгаа тохиолдолд оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулах нь хууль ёсны асуудал. Энэ эрхийг хуулиар хязгаарлах боломжгүй. Харин бизнес эрхлэгч нийтийн алба хаах болсон тохиолдолд дээрх хуулийн төсөлд заасан хориглосон хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой. Үүнтэй холбогдуулан хуулийн төсөлд “...тухайн этгээд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс эзэмшдэг, компани байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор бусдад шилжүүлэх, зарж борлуулах зэргээр зохих арга хэмжээ авч, энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх...” ээр тусгасан.
-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд оффшор бүсэд аж ахуй эрхэлж байвал ямар хариуцлага хүлээх вэ. Данс нээлгэх, хувьцаа эзэмших энэ бүхэнд хүлээлгэх санкц нь өөр үү, эсвэл нэг үү?
- Адилхан. Оффшор бүсэд эзэмшдэг данс, компаниас татгалзах, эсвэл нийтийн алба хашихаас татгалзах ёстой. Хэрэв энэ талаар мэдээлээгүй тохиолдолд нийтийн албанаас халж, тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал мөнгө угаах, эсвэл авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой бол Эрүүгийн хуульд заасан ял оногдуулна. Энэ хууль батлагдсанаар мөнгө угаах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос хамгаалах асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчинд том дэвшил болно гэдэгт итгэж байна.
-Хууль батлагдвал хэзээнээс мөрдөх вэ?
-Хуулийн төслийг УИХ-аас баталсан тохиолдолд ердийн журмаар дагаж мөрдөх боломжтой, эсвэл хууль тогтоох байгууллага дагаж мөрдөх хугацааг тогтоох эрхтэй.