Холбоо барих

Видео мэдээ Бүгдийг үзэх

Танилцуулга

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөв
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөв

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр батлагдан гарч буй хуулийн эхийг хууль хэрэгжүүлэгчид нь гардуулан өгч нийт олны хүртээл болгох, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлдэг сайн жишиг тогтож байгаа юм. 

Хуулийн эх гардуулах арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов. Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардан авсны дараа үг хэлэв.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хамгаалах хууль зүйн боломжийг улам нэмэгдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхэд Цагдаагийн албаны тухай хууль нэн тэргүүнээ үйлчлэх болно.

Ингэснээр манай оронд эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна. Монгол түмэн ардын цагдаадаа итгэж , Монгол улс төрийн цагдаагаа дэмжин түшиж ирсэн ариун уламжлал цагийн эрхэнд алдрах учиргүй. Төрийн түшиг, түмний өмөг болсон цагдаагийн байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүнд аз хийморь, цог залийг эрхэмлэн ерөөе” гэлээ.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчдын ёслолын жагсаал болж, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэр, Цагдаагийн байгууллагын тугийг үдэн гаргаж, хүндэтгэлийн танхимд байршуулсан юм. 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Арабын нэгдсэн Эмират улсын Шадар сайдтай уулзлаа
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Арабын нэгдсэн Эмират улсын Шадар сайдтай уулзлаа

     Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болж буй “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд оролцож байна. Энэхүү форумд дэлхийн 50 гаруй орны Дотоод хэргийн сайдууд оролцож байгаа юм.                                                                         

    Форумын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Зайед Аль Нахайяантай энэ сарын 28-ны өдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр орны дотоод хэргийн яам болон харьяа байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Үүний дотор цагдаагийн байгууллагын талаар харилцан туршлага солилцох, цагдаагийн алба хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын дарга, НҮБ-ын Дотоод хэргийн асуудал хариуцсан даргатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

С.Бямбацогт: Хууль ёсны оффшор, хулгай дээрмийн оффшорын ялгааг арилгана
Төрийн албан хаагчид оффшор данстай хориглосон хуулийн төслийг УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаатай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.
 
-0ффшортой холбоотой асуудлыг зохицуулахын тулд Сонирхлын зөрчлийг зохицуулах түхай хуульд өөрчлөлт оруулахаар болж байна. Төслийн үзэл баримтлалыг тодруулахгуй юу?
 
-Өнөөдөр төрийн алба хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийн банкин дахь аливаа дансны талаар мэдээлэх үүрэг хүлээлгэсэн боловч оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон зүйл, заалт ерөөсөө байдаггүй. Хуулиар хориглосон зүйл заалт алга байна гээд яваад байхаар нийгэмд оффшортой холбоотой элдэв хардлага сэрдлэг, үл ойлголцол улам даамжрах шинжтэй боллоо.
 
Тэгэхээр үүний зааг ялгааг тогтоож, юу нь болох, юу нь болохгүйг хуулиар нэг мөр ойлгомжтой болгох нь зүйтэй юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой зорилт туссан. Энэ үндсэн дээр нийтийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
 
-Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын гэр бүлийнхэн оффшор бүсэд данс нээлгэж, мөнгө байршуулж, компани байгуулсан бол яах вэ? Энэ асуудлыг дээрх хуулиар зохицуулсан уу? 
 
-Хуулийн төсөл боловсруулах явцад энэ асуудал хөндөгдсөн. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийнх нь Үндсэн хууль, Хүний эрхийн конвенциор хамгаалагдсан үндсэн эрхийг хязгаарлах боломж Үндсэн хуулиар хаалттай байдаг. Харин тухайн албан хаагч гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг ашиглан оффшор бүсэд данс эзэмшсэн, компани байгуулсан асуудлын цаана ямарваа нэг гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулагдаж байвал холбогдох хуульд заасны дагуу Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох бүрэн боломж нээлттэй.
 
-Гэр бүлийнх нь хүмүүст оффшор бүсэд үйл ажиллагаа эрхлэхийг нь зөвшөөрсөн бол энэ хуулийг батлахын хэрэг байна уу?
 
-Төрд аав ээж, ах дүү хэн нэгэн нь ажиллаж байгаагаас болж бусдынх нь Үндсэн хуульд заасан хууль ёсны үндсэн эрхийг нь шууд хязгаарлаж болохгүй. Харин хэрвээ чи төрд ажиллах гэж байгаа бол, хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаал дээр очвол оффшор бүсэд данс эзэмшиж, компани байгуулж болохгүй гэдгийг л хуулиар тов тодорхой тогтоож өгч байгаа юм. Мөн дахиад хэлэхэд авлигаар олсон мөнгөө, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон бохир мөнгөө гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр нууж байгаад хуулийн хараа хяналтаас мултарна гэж бодож байгаа бол эндүүрэл. 
 
-0ффшор бүсэд Монголын хэдий хэрийн хөрөнгө байршдаг бол?
 
-Энэ талаар яг албан ёсны мэдээлэл байхгүй. Гэхдээ 1990-2015 оны хооронд Монгол улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа бий. Одоо ч манай улсад хууль ёсоор бүртгэгдэн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байж л байна.
 
Тэдгээрийг бид хууль ёсных шүү гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, оффшорт бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших бол хууль ёсны зүйлээ гэдгийг тодорхой болгож байгаа юм. Оффшор гэхээр л “хадны мангаа” харсан юм шиг хашгирдаг, оффшортой холбож улс төрийн өрсөлдөгчөө харлуулан хэлмэгдүүлдэг явдлыг таслан зогсоох цаг болсон. Нэг ёсондоо хууль ёсны эрүүл “оффшор”, хулгай дээрмийн хуудуутай “оффшор” хоёрыг ялгаж салгах цаг нь болжээ.
 
-Цэвэр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн оффшор бүсэд ажиллах эрхэд халдах ёсгүй л байх. Гэхдээ улстөр, бизнес хоёр нь хүзүү сээрээрээ холбогдсон нөхцөлд тодорхой хаалт тавьж, хязгаарласан зохицуулалтыг хийхгүйгээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь бизнесийнхнээр дамжуулж ажиллаад байвал яах вэ?
 
-Бизнес эрхэлж байгаа тохиолдолд оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулах нь хууль ёсны асуудал. Энэ эрхийг хуулиар хязгаарлах боломжгүй. Харин бизнес эрхлэгч нийтийн алба хаах болсон тохиолдолд дээрх хуулийн төсөлд заасан хориглосон хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой. Үүнтэй холбогдуулан хуулийн төсөлд “...тухайн этгээд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс эзэмшдэг, компани байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор бусдад шилжүүлэх, зарж борлуулах зэргээр зохих арга хэмжээ авч, энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх...” ээр тусгасан. 
 
-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд оффшор бүсэд аж ахуй эрхэлж байвал ямар хариуцлага хүлээх вэ. Данс нээлгэх, хувьцаа эзэмших энэ бүхэнд хүлээлгэх санкц нь өөр үү, эсвэл нэг үү?
 
- Адилхан. Оффшор бүсэд эзэмшдэг данс, компаниас татгалзах, эсвэл нийтийн алба хашихаас татгалзах ёстой. Хэрэв энэ талаар мэдээлээгүй тохиолдолд нийтийн албанаас халж, тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал мөнгө угаах, эсвэл авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой бол Эрүүгийн хуульд заасан ял оногдуулна. Энэ хууль батлагдсанаар мөнгө угаах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос хамгаалах асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчинд том дэвшил болно гэдэгт итгэж байна.
 
-Хууль батлагдвал хэзээнээс мөрдөх вэ?
 
-Хуулийн төслийг УИХ-аас баталсан тохиолдолд ердийн журмаар дагаж мөрдөх боломжтой, эсвэл хууль тогтоох байгууллага дагаж мөрдөх хугацааг тогтоох эрхтэй.
С.Бямбацогт: Бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй
С.Бямбацогт: Бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд дараах асуултыг асууж хариулт авч байлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу?



УИХ-ын гишүүн С.ямбацогт: Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшилттэй, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж их ярьж байсан. Гэвч бодит байдал дээрээ жинхэнэ шоронжуулсан байдлаар баталсан байсан. Жишээлбэл одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь л огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон байсан. Эсрэгээрээ жинхэнэ шоронжуулах хууль баталсан байсан. Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьсан. Тиймээс хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм. Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг шоронтой аймаг, нийслэлрүү авч ирэх хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо. Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2015 онд баталсан хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

УИХ-ын Ш.Раднаасэд: Албан тушаалын хэргийг чангатгасан юм уу? Авлигаар олсон хууль бус хөрөнгийг хураадаг, завшуулдаггүй байх хэрэгтэй.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Эд хөрөнгө хураах ялыг 2015 онд батлахдаа албадлагын арга хэмжээ болгон зохицуулсан. Авлига албан тушаалын хэргээс олсон ашгаа, эд хөрөнгөө заавал хураалгана гэсэн үг. Авлига албан тушаалын хэрэгтэй 1-5 жил хорих ял өгч байсан бол хүнд гэмт хэрэгт тооцон 8, 12 жилд болгож чангатгасан. Мөн мөнгөн торгуулийг ч дээд хэмжээ нь 12 сая төгрөгөөр торгож байсныг 27 сая болгон нэмэгдүүлсэн.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 76.9 хувийн саналаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: Оlloo.mn 

С.Бямбацогт: Оффшорт нуусан хөрөнгөө эх орондоо авчраагүй этгээдэд хариуцлага тооцно
С.Бямбацогт: Оффшорт нуусан хөрөнгөө эх орондоо авчраагүй этгээдэд хариуцлага тооцно

         Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолтын багт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ажиллаж байна. Томилолтын хугацаанд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байгаа бөгөөд энэ үеэр иргэдээс оффшортой холбоотой асуудлыг ихээр лавлаж асууж байгаа тул салбарын сайдаас байр суурийг нь тодрууллаа.

  -Иргэд танаас оффшортой холбоотой асуудлыг ихээхэн сонирхож асууж байна. Бас дургүйцлээ ч нэлээн илэрхийлж байна. Одоогоор оффшортой холбоотой хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд яваа. Энэхүү төсөл хэзээгээр батлагдах чигтэй байна вэ?

  -Оффшорын асуудал 2013 оноос ярьж байгаа. Энэ асуудлыг өмнөх УИХ шийдэх гэж оролдоод чадаагүй. 2016 онд шинэ УИХ байгуулагдсанаас хойш буюу өнгөрөгч 10 дугаар сард Засгийн газраас оффшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснээс хойш маргаан дагуулж байна. Гэхдээ харьцангуй шийдэлд хүрсэн. УИХ дахь МАН-ын бүлэг үндсэндээ оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдийг оффшор бүсэд данс эзэмших, мөн хувьцаа эзэмшихийг хориглосон байгаа. Нэгэнт бүлэг дээр шийдвэр гарсан учир хаврын чуулганаар батлагдах байх. УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно”гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна.

-Хуулийн үйлчлэлд эхнэр хүүхдийг нь хамруулах эс хамруулах тухайд маргаантай байр сууриуд УИХ дээр гарч байсан?

-Засгийн газраас өргөн барьсан хуулинд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 40 мянган албан хаагчийг хамруулахаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр, үр хүүхдийг нь оффшор компанийн хувьцаа эзэмшихгүй, данс нээлгэхгүй байхыг хориглохоор тусгасан.

-Нөгөөтэйгүүр оффшор бүс гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэсэн маргаантай асуудал ч хөндөгдсөн. Тухайлбал, хэн нэгэн УИХ-ын гишүүн хилийн чанадад эмчилгээнд явахаар болж мөнгөө байршуулах данс нээлгэх бол яах вэ. Оффшор бүс гэдэгт ямар хүрээг оруулж байна вэ?

-Оффшор бүс гэсэн тодорхойлолт одоогоор байхгүй. Маргаан гарсан. Тиймээс олон улсын байгууллага, банк санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг албадуудаас гаргасан тодорхойлолтыг хэрэглэе. Үүнтэй холбогдуулж Монгол Улс ийм бүс нутгийг оффшор бүс гэж үзнэ гэсэн тодорхойлолтыг гаргая гэсэн байр суурьтай байгаа.

Ер нь оффшор бүс гэдэг ойлголт маань эргийн гадна хилийн чанад дахь гэсэн утгатай. Засгийн газраас анх өргөн барьсан төсөлд хилийн чанад дахь бүх улс орнууд хэмээн тооцоолж байсан ч хэт өргөн хүрээтэй болох нь гэж үзээд, тодорхойлолтод тусгагдах бүс нутгийг хамруулахаар болж байгаа.

-Тооны хувьд нийт хэдэн төрийн албан хаагч хуулинд хамрахаар байна вэ?

-Анх 300 төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хамруулья гэж тооцож байсан. Дараа нь хөрөнгө орлого мэдүүлдэг нийт албан тушаалтныг хамруулахаар болсон. Ер нь Монголын төрд ажиллах гэж байвал хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар илүү харж, билүү долоохгүйгээр ажиллах ёстой. Төр ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэнэ гэсэн бол зүтгэх л хэрэгтэй. Нэгэнтээ төрд өндөр албан тушаал хашиж байгаа бол эрхээ хязгаарлуулж, үүргээ биелүүлж хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хувийн хэвшил ажиллаж болно шүү дээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг Б.Туул 

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ

Төрт ёс, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, эх орныхоо хөгжил дэвшил, хөтлөх ирээдүйн төлөө цохилох зүрх, зүтгэх зүтгэл нэгтэй явдаг эрхэм таны амгаланг айлтган мэндчилье.

Миний бие түмнийхээ итгэл дэмжлэг, иргэд сонгогчдынхоо эрхэм сонголтоор төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хуралд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.          

Та бүхнийхээ энэ урам дэм, итгэл найдварыг дааж ажиллахын тулд хичээн зүтгэж, төрийн бодлого зөв мэргэн, засгийн ажил завсар хийдэлгүй байхын төлөөнөө бодол сэтгэлээ чилээн, ухаан санаагаа чиглүүлэн ажилласаар ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого алсын хараатай, монгол хүний ахуй амьдрал өөдлөн дэгжихийн үндэс суурь болсон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг санаачлан батлуулж, ахалж боловсруулсан Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөр маань Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн тусгалаа олж ажил хэрэг болж буйд сэтгэл нэн баяртай байна.

Улсын Их Хурлын гишүүний өндөр их үүрэг хариуцлагыг ухамсарлан ажиллахын зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хууль хаана ч, хэнд ч, хэзээ ямагт эрх тэгш үйлчлэх, хүний эрхийг хүндэтгэн хамгаалах, иргэндээ ойртсон эрх зүйн үйлчилгээг улам бүр төгөлдөршүүлэн сайжруулахад миний бие гол анхаарлаа хандуулж байна.

 Төр түшилцэж, хууль тогтоох хариуцлагатай албандаа холч ухаанаар хандаж, хоёргүй сэтгэлээр чармайн зүтгэхэд иргэдийн маань үг санал, үнэтэй захиа даалгавар хамгаас чухал байдаг билээ.

Тиймээс та бүхэн миний энэхүү цахим хуудсаар дамжуулан төрийн түшээ, засгийн сайдын хувьд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээ мэдээллийг авахаас гадна үүгээр дамжуулан үнэтэй санал зөвлөгөө, санаачилга хүсэлтээ уламжлан илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний үнэтэй санал, зөвлөгөө ажил үйлс, зам мөрийг минь үргэлж тэгшилж байх болно.

Төр түмнийг холбогч гүүр байх үйл хэрэгт минь тулах тулгуур, түших багана нь болсон та бүхэнд ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсье.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

САНДАГИЙН БЯМБАЦОГТ

С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

  Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд  БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод 6 жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа энэ цаг үед гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх механизм бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. 

Эх сурвалж: news.mn 

Ховдын залуучуудыг нэгтгэсэн АСК-2017 амжилттай болж өндөрлөлөө
Ховдын залуучуудыг нэгтгэсэн АСК-2017 амжилттай болж өндөрлөлөө


Ховд аймгийн 16 сумын оюутнууд нэгэн дээвэр дор цуглаж, авъяас билэг, авхаалж самбай, оюун ухаанаа уралдуулж “Зөв Монгол Залуу” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан АСК-2017 тэмцээнд амжилттай оролцлоо.

Ховдын авъяаслаг залуучуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээнийг өдгөө 10 жилтэйгээ учран золгож буй “Ховдын Түүчээ”оюутан залуучуудын холбоо, Ховд аймгийн  нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. 

АСК-2017 тэмцээнийг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үзэж, олон ястны өлгий Ховд нутгийнхаа галтай цогтой, авъяаслаг залуучуудаараа бахархаж байгаагаа онцолсон юм. 

Энэхүү тэмцээний I байранд Дуут сумын “Хөхөмдөг цуурай” баг, II байранд Алтай сумын “Сүрлэг алтай” баг, III байранд Жаргалант сумын “Орших уу, эс орших уу” баг,  Тусгай байранд Эрдэнэбүрэн сумын “Цастын Өөлд” баг шалгарлаа. 

Тэмцээнд оролцсон баг, хамт олноо хамгийн сайн дэмжсэн шилдэг хөгжөөн дэмжигчээр Алтай сумын “Сүрлэг Алтай” баг, шилдэг эрэгтэй оролцогчоор  Алтай сумын “Сүрлэг Алтай” багийн А.Отгонбаатар,  шилдэг эмэгтэй оролцогчоор Дуут сумын “Хөхөмдөг цуурай” багийн О.Ариунжаргал нар тодорлоо. 

АСК-2017 тэмцээнд Ховд аймгийн 16 сумын 160 гаруй залуучууд гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээ, багийн ахлагчийн асуулт хариулт зэрэг олон төрлөөр авхаалж самбаагаа сорьсонюм. 

Залуучууд нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдийн харж буй өнцгөөр гарган “Зөв Монгол Залуу” байхын тулд бид юу хийх вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулсан урлагийн үзүүлбэр толилуулав. Ховдын оюутнууд нэг өдрийг дуутай хууртай, урлагтай, ухаарал хайрласан, урам сэргээсэн авъяаслаг залуучуудтай хамтдаа сайхан өнгөрүүллээ. 


Эх сурвалж: ikon.mn 

Онцлох арга хэмжээ

Ачааллаж байна ..