МЭНДЧИЛГЭЭ

Хамаарах огноо: 2017-04-06 14:50

Төрт ёс, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, эх орныхоо хөгжил дэвшил, хөтлөх ирээдүйн төлөө цохилох зүрх, зүтгэх зүтгэл нэгтэй явдаг эрхэм таны амгаланг айлтган мэндчилье.

Миний бие түмнийхээ итгэл дэмжлэг, иргэд сонгогчдынхоо эрхэм сонголтоор төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хуралд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.          

Та бүхнийхээ энэ урам дэм, итгэл найдварыг дааж ажиллахын тулд хичээн зүтгэж, төрийн бодлого зөв мэргэн, засгийн ажил завсар хийдэлгүй байхын төлөөнөө бодол сэтгэлээ чилээн, ухаан санаагаа чиглүүлэн ажилласаар ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого алсын хараатай, монгол хүний ахуй амьдрал өөдлөн дэгжихийн үндэс суурь болсон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг санаачлан батлуулж, ахалж боловсруулсан Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөр маань Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн тусгалаа олж ажил хэрэг болж буйд сэтгэл нэн баяртай байна.

Улсын Их Хурлын гишүүний өндөр их үүрэг хариуцлагыг ухамсарлан ажиллахын зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хууль хаана ч, хэнд ч, хэзээ ямагт эрх тэгш үйлчлэх, хүний эрхийг хүндэтгэн хамгаалах, иргэндээ ойртсон эрх зүйн үйлчилгээг улам бүр төгөлдөршүүлэн сайжруулахад миний бие гол анхаарлаа хандуулж байна.

 Төр түшилцэж, хууль тогтоох хариуцлагатай албандаа холч ухаанаар хандаж, хоёргүй сэтгэлээр чармайн зүтгэхэд иргэдийн маань үг санал, үнэтэй захиа даалгавар хамгаас чухал байдаг билээ.

Тиймээс та бүхэн миний энэхүү цахим хуудсаар дамжуулан төрийн түшээ, засгийн сайдын хувьд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээ мэдээллийг авахаас гадна үүгээр дамжуулан үнэтэй санал зөвлөгөө, санаачилга хүсэлтээ уламжлан илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний үнэтэй санал, зөвлөгөө ажил үйлс, зам мөрийг минь үргэлж тэгшилж байх болно.

Төр түмнийг холбогч гүүр байх үйл хэрэгт минь тулах тулгуур, түших багана нь болсон та бүхэнд ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсье.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

САНДАГИЙН БЯМБАЦОГТ


Үүсгэсэн: 2017-04-06 14:50

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..