ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ “ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Хамаарах огноо: 2017-04-03 11:54

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ “ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

ХЗДХЯ 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Шүүх, хууль сахиулах байгууллагууд тус бүрдээ мэдээллийн сан бүрдүүлэх, дотоод үйл ажиллагааны удирдлагын систем болон анхан шатны бүртгэлийн системүүдийг нэвтрүүлэх ажлуудыг хийж байсан хэдий ч нэгдсэн стандартгүй мэдээллийн сангууд бий болсон, цахим орчинд мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хангалттай нөхцөл бүрдээгүй, статистик мэдээ, мэдээллийн нэгдсэн эх үүсвэргүй зэрэг нөхцөл байдлууд байсан.Тиймээс гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын нэгдмэл мэдээллийн дэд бүтэц бий болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй болгох, иргэдэд шүүх, хууль сахиулах байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам “Хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн хэрэгт хамааралтай иргэн төдийгүй сонирхогч иргэд, бусад байгууллага тухайн хэргийг шалгах ажиллагаа чухам аль шатандаа явж байгааг, хэргийг шалгах ажиллагааны талаарх мэдээллийг хэн нэгнээс асууж сураглаж биш, хэнээс ч хараат бус байдлаар цахимаар мэдэх боломжийг бүрдүүлж буй нь энэ системийн хэрэглээний нэг давуу тал юм. Цаашид манай Хууль зүй, дотоод хэргийн яам шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа, эрх зүйн бүхий л үйлчилгээ иргэдэд илүү ойртох, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, тэгш, шударгаар үйлчлэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд томоохон алхам болох болно”  гэлээ. 

Үүсгэсэн: 2017-06-02 11:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..