"Иргэний эрх чөлөөнд халдсан цагдаа хамгийн хатуу хариуцлага хүлээх ёстой"

Хамаарах огноо: 2017-04-07 10:55

"Иргэний эрх чөлөөнд халдсан цагдаа хамгийн хатуу хариуцлага хүлээх ёстой"

Цагдаагийн таван алба хаагч энгийн иргэнийг зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд гарсан талаар бид мэдээлсэн. Гэхдээ албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр хэргийн газарт байсан хүмүүсийн хоёр нь цагдаа, бусад нь энгийн иргэд гэдэг.

Тодруулбал,  авто угаалгын газарт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А, Замын цагдаагийн албаны цагдаа, зохицуулагч Д нар машинаа угаалгахаар ирсэн бөгөөд иргэн М-тэй маргалдаж, нударга зөрүүлсэн хэрэг гараад буй.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогт ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчдад хариуцлага тооцохоо мэдэгджээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Саяхан хэсэг ажилтан бүлэглэн иргэдийн эрх чөлөөнд халдаж, зодож танхайрсан балмад үйлдэл гаргажээ. Ийм хүмүүс хуулийн хамгийн хатуу хариуцлага хүлээх ёстой. Өчүүхэн төдий ч ёс бус үйлдэл гаргасан хүнд манай цагдаагийн албанд байх орон зай байхгүй гэдгийг хатуу сануулъя" хэмээсэн байна.

Дээрх хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм. Мөн иргэн М-ийг зодсон цагдаа А-д эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон цагдан хориод байна. 


Үүсгэсэн: 2017-06-02 10:55

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..