Ховдын залуучуудыг нэгтгэсэн АСК-2017 амжилттай болж өндөрлөлөө

Хамаарах огноо: 2017-05-06 13:23


Ховд аймгийн 16 сумын оюутнууд нэгэн дээвэр дор цуглаж, авъяас билэг, авхаалж самбай, оюун ухаанаа уралдуулж “Зөв Монгол Залуу” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан АСК-2017 тэмцээнд амжилттай оролцлоо.

Ховдын авъяаслаг залуучуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээнийг өдгөө 10 жилтэйгээ учран золгож буй “Ховдын Түүчээ”оюутан залуучуудын холбоо, Ховд аймгийн  нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. 

АСК-2017 тэмцээнийг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үзэж, олон ястны өлгий Ховд нутгийнхаа галтай цогтой, авъяаслаг залуучуудаараа бахархаж байгаагаа онцолсон юм. 

Энэхүү тэмцээний I байранд Дуут сумын “Хөхөмдөг цуурай” баг, II байранд Алтай сумын “Сүрлэг алтай” баг, III байранд Жаргалант сумын “Орших уу, эс орших уу” баг,  Тусгай байранд Эрдэнэбүрэн сумын “Цастын Өөлд” баг шалгарлаа. 

Тэмцээнд оролцсон баг, хамт олноо хамгийн сайн дэмжсэн шилдэг хөгжөөн дэмжигчээр Алтай сумын “Сүрлэг Алтай” баг, шилдэг эрэгтэй оролцогчоор  Алтай сумын “Сүрлэг Алтай” багийн А.Отгонбаатар,  шилдэг эмэгтэй оролцогчоор Дуут сумын “Хөхөмдөг цуурай” багийн О.Ариунжаргал нар тодорлоо. 

АСК-2017 тэмцээнд Ховд аймгийн 16 сумын 160 гаруй залуучууд гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээ, багийн ахлагчийн асуулт хариулт зэрэг олон төрлөөр авхаалж самбаагаа сорьсонюм. 

Залуучууд нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдийн харж буй өнцгөөр гарган “Зөв Монгол Залуу” байхын тулд бид юу хийх вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулсан урлагийн үзүүлбэр толилуулав. Ховдын оюутнууд нэг өдрийг дуутай хууртай, урлагтай, ухаарал хайрласан, урам сэргээсэн авъяаслаг залуучуудтай хамтдаа сайхан өнгөрүүллээ. 


Эх сурвалж: ikon.mn 


Үүсгэсэн: 2017-05-09 13:23

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..