Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл боловсруулжээ

Хамаарах огноо: 2018-03-20 18:10

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль нь зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай харилцааг хамаарч байгаа бөгөөд зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, тогтолцооны талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй, энэ асуудал нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим нэг хууль тогтоомжид зохицуулагдсан хэдий ч одоог хүртэл тухайлсан зохицуулалтгүй явж ирсэн байна. Иймд хуулийн төслийн зорилгыг “гэмт хэрэг”, “зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулахаар өргөжүүлж, хуулийн төслийн бүтэц, зохицуулалтыг уг зорилгод нийцүүлэн боловсруулна. Ийнхүү боловсруулахдаа урьдчилан сэргийлэх ажлын талаарх хэм хэмжээг “гэмт хэрэг”, “зөрчил”-ийн аль альд хамаарах нийтлэг зохицуулалтыг тусгахаас гадна гэмт хэрэг болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх онцлог зохицуулалтыг ялгамжтай байдлаар тусгасан байна.

Хуулийн төсөл нь зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэсэн найман бүлэгтэй бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүхий л зохицуулалтуудыг нарийвчлан тусгажээ. Жишээлбэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах нийт зургаан хэлбэрийг тусгах бөгөөд эдгээр нь урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, олон нийтийн шинэ санаачлагыг дэмжих, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангах баталгааг бүрдүүлэх юм байна. Мөн тус хуулийн зургаадугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг тусгах ажээ. Энэхүү бүлгийн зохицуулалтыг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг судалж, зөвхөн “хэлбэрийн” төдий хяналт тавьж байгааг өөрчилж, хорих байгууллагаас суллагдсан этгээдэд нийгмийн амьдралд эргэн ороход нь тусламж, дэмжлэг үзүүлэхэд илүү  анхаарах, бүртгэх байдлаар хяналт хэрэгжүүлэх бус хэвийн ажиллаж, амьдрахад нь садаа болдог, залхаан цээрлүүлж байгаа байдлыг зогсоох юм байна.


Үүсгэсэн: 2018-04-19 18:10

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..