С.Бямбацогт: Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй

Хамаарах огноо: 2018-01-18 11:15

С.Бямбацогт: Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Улсын Их Хурлын хаврын чуулганаар баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн хуулиуд хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн шинэтгэлийн гол ач холбогдол чухам юу байна вэ?

-Эрүүгийн хуулийн үг үсэг бүрийн цаана хүний амьдрал, хувь заяа бий. Зөрчлийн хуулийн тухайд ч ялгаагүй. Тиймээс амьдралд нийцэхгүй байсан, цаг үетэйгээ таарахгүй, хүний эрхийг хангах, хамгаалах тал дээр учир дутагдалтай, алдаатай байсан зүйлсийг засахын тулд энэ бүх шинэтгэлийг хийх нь зайлшгүй байсан. Бид шударга ёсыг хангах, хүний эрхийг хамгаалах тухай дээр дооргүй л ярьдаг.

Тэгвэл тэр шударга ёсыг хангах нөхцөл, хүний эрхийг хамгаалах боломж хуулиар л дамжиж хэрэгжинэ. Хуулийн илд буруутанд ирээрээ гэсгээл үзүүлж, харин хууль зөрчөөгүй эгэл нэгэнд ишээрээ тулах тулгуур болох ёстой. Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт хууль заавал хэрэгждэг, хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг зарчмыг баримтлахаар тодорхой тусгасан. Хууль заавал хэрэгждэг байна гэдэг чинь иргэдийн төрдөө итгэх итгэлийг нэмж байгаа хэрэг. Хэрэгжихдээ эрх тэгш, алагчлалгүй үйлчилнэ гэдэг чинь шударга ёс амьд оршихуйн үндэс.

Тэгэхээр Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо, баримтлах чиглэлээ хоосон тунхаг биш бодит ажил болгохын тулд л эрх зүйн шинэтгэлийг, тэр дундаа Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэж үзсэн. Энэ зорилгодоо ч хүрлээ. Хүний эрх, эд хөрөнгийг хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх хүрээнд Эрүү болон Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг цогцоор нь шинэчилж УИХ-аас батлан гаргалаа.

-Эрүүгийн хуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг биелүүлэх хүрээнд албадлагын болон эрх хязгаарлах арга хэмжээг цоо шинээр тодорхойлж өгсөн гэж байсан. Энэ талаар илүү тодруулж өгөөч...

-Бид ардчилсан нийгмийг байгуулах гэж байгаа бол аль болох шоронжуулах бодлогоос татгалзах ёстой. Гэмт этгээдийг хөнгөн гэмт хэрэг хийсэн байлаа ч шууд нийгмээс тусгаарлаад хорьж шийтгээд байх нь архаг гэмт хэрэгтэн бэлтгэх дамжаанд суулгаж байгаатай л адил хэрэг болно.

Тиймээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, засарч хүмүүжих тэр боломж бололцоог олгох ёстой. Энэ үүднээс шүүхээс гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг авахаар хуульчилсан. Мөн тухайн этгээдийн галт зэвсэг өмчлөх, эзэмших, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох зэрэг эрх хязгаарлах, сэтгэл заслын болон донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх албадлагын арга хэмжээг авахаар хуульд тусгайлан заасан юм.

Үүнээс гадна хохирогчийн эрхийг хамгаалах, дахин гэмт хэргийн хохирогч болохоос нь урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн тухайн этгээд тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарласан эрх хязгаарлах арга хэмжээг шүүхээс авах хууль зүйн орчныг бүрдүүлээд байна. Ингэснээр шүүхийн шийдвэрийн хүмүүжлийн ач холбогдол нэмэгдэж, уян хатан, амьдралд илүү ойр болж байна. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэгт нь тохирсон шийтгэл оноох бололцоог олгож байгаа.

-Та 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг 2002 оны хуулиас ч илүү шоронжуулсан хууль болсон гээд шүүмжлээд байсан. Шинэ батлагдсан хууль маань тэр алдааг засч чадсан уу. Ялын бодлогод яг ямар өөрчлөлт орсон бэ?

-Бидний боловсруулж батлуулсан шинэ Эрүүгийн хууль шоронжуулах бус харин хүмүүнлэг хууль болсон гэдгийг би баттай хэлнэ. Эрүүгийн хуульд ялын бодлогын хувьд бид эрс өөрчлөлт хийсэн. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бүрт сонгон хэрэглэх боломжтой байдлаар ялын төрлүүдийг хуульчилсан. Мөн түүнчлэн хорих ялын доод болон дээд хэмжээний интервалыг 6 сараас 1 жил, 1-5 жил, 2-8 жил, 5-12 жил, 8-15 жил байхаар холдуулсан.

Ийм шинэчлэл хийгдсэнээр Эрүүгийн хуулийн ялын бодлого шоронжуулах бус гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн онцлог, оролцоо, хохирол төлсөн байдал зэрэгтэй уялдуулсан тохирох ялыг сонгон хэрэглэх бололцоог шүүхэд бүрэн нээж өгч байгаа юм. Гэмт хэрэг бүр өөр хоорондоо адилгүй. Санаа сэдэл, орчин нөхцөл, шалтгаан үр дагавар, түүнийг үйлдсэн этгээдийн хувийн байдал ондоо.

Урьд нь ял шийтгэлийн хэтэрхий хатуу, хайрцагласан заалтаас болж шүүгч нь бараг буруу харж уйлж байгаад хүнд ял өгдөг, шүүгчийн шийдвэр уян хатан бус гав дөнгөтэй байсан үе бий. Үүнээс үүдээд л нөгөө ганц талх хулгайлсан хүүхэд авлигач этгээдтэй адил ял авлаа гэдэг шүүмжлэл өрнөж байв шүү дээ. Ямар ч байсан энэ алдаа хийдлийг шинэ хуулиар заслаа. Харин одоо Эрүүгийн хуулийн ялын бодлого зөв, оновчтой хэрэгжих гол үндэс нь хараат бус, шударга шүүхээс шууд хамаарна гэдгийг шүүгчид маань дор бүрнээ тунгааж, түүнийг мөрдлөг болгож ажиллах ёстой болж байна.

-Өсвөр насны хүнд ял оногдуулах тусгай зохицуулалт Эрүүгийн хуульд дутагдсаар ирсэн. Энэ нь эргээд насанд хүрсэн хүнтэй адилтгаж, цаашид засарч хүмүүжих биш харин ч мэргэшсэн гэмт хэрэгтэн болоход түлхсээр ирсэн л дээ. Энэ хийдэл арилсан уу?

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэндээ өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг цоо шинээр тодорхойлсон. Хүүхэд гэдэг чинь гэнэн цайлган амьтас. Тэд ихэнхдээ насанд хүрсэн хүмүүсийн түлхээс, хатгаасаар, гэнэн томоогүй зангаасаа болж, учирч болох эрсдэлийг бүрэн ойлгож, ухамсарлаагүйгээс гэмт хэрэгт холбогдох нь их. Монголын төр ийм алдаж эндсэн залуу үедээ засарч хүмүүжих, ухамсарлах бололцоог олгох ёстой. Бид энэ л зарчмыг барьсан.

Алдсан дээр нь түлхээд, архаг гэмт хэрэгтэнтэй адилтган адлаад байх нь ерөөсөө буруу. Өсвөр насны хүнд оногдуулах ял нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан байх ёстой. Тэдэнд аль болох нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах нь чухал. Мэдээж шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлнэ.

Гэхдээ ингэж хорьж хүмүүжүүлэхдээ сургалт-хүмүүжлийн тусгай зориулалт бүхий байгууллагад хорих юм. Уг тусгай зориулалтын байгууллагын нөхцөлийг хуулиар тогтоох бөгөөд гол зорилго нь өсвөр насны хүнд ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалт зохион байгуулж, хүмүүжүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн өсвөр насны хүний үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасган оногдуулж эхэлсэн.

-Та хувийн хэвшил, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна гэж их ярьдаг. Гэсэн хэрнээ шинэ Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд ял оногдуулах болсон нь бизнес эрхлэгчдэд, иргэдэд төдийлөн ойлгогдохгүй байна л даа. Хуулийн этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан, татан буулгаад байх мэтээр ойлгогдоод байна?

-Хуулийн этгээдэд ял оногдуулах тухай ойлголт нь Монгол Улсын Эрүүгийн эрх зүйд харьцангуй шинэ ойлголт. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 60 орчим гэмт хэрэгт хуулийн этгээдэд ял оногдуулахаар байсныг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа харин ч бууруулж тусгасан. Гэмт хэрэгт холбогдуулж, хуулийн этгээдийг хавтгайруулан татан буулгах гэж байна гэдэг тун өрөөсгөл. Эрүүгийн хуульд террор үйлдэх, террор үйлдэхэд бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн бол хуулийн этгээдийг татан буулгана гэж заасан. Зөвхөн дээрх хоёр тохиолдолд л тухайн хуулийн этгээдийг шүүх татан буулгах ял оногдуулахаар байгаа.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд ял оногдуулах асуудлыг бүрэн зохицуулж чадаагүй л дээ. Хуулийн этгээд нэгдэх, нийлэх, татан буугдсан, хуваагдсан, гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газартай холбоотой харилцааг тэр чигээр нь орхигдуулсан байсныг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар бүрэн зохицуулалттай болголоо. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г тусгай бүлэг болгон оруулж хуульчилсан. Иймээс хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийг мөрдөн шалгах, ял оногдуулах ажиллагаанд ямар ч хүндрэл

-Эрүүгийн хууль батлагдсанаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой болон эх орноосоо урвасан гэмт хэргийн ялыг хөнгөрүүлсэн, зарим нэг үйлдлийг бүр үгүй хийсэн гэх шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол огт ор үндэсгүй зүйл. Зүгээр л хийрхсэн улс төржилт. Эрүүл ухаанаар бодоход хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаа, эх орноосоо урвах явдал чинь маш ноцтой гэмт хэрэг биз дээ. Үүнийг гэмт хэрэг биш гэж үзээд, ял шийтгэлийг нь хөнгөрүүлээд суух арилсан дотортой хүн байх уу. Бод доо. Хүн амын эрүүл мэнд, ирээдүйд болон улс орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байдаг маш ноцтой ийм гэмт хэрэгтэй Монголын төр хэзээд маш хатуу тэмцэж ирсэн, цаашдаа ч тийм байна. Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, худалдах болон худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, боловсруулсан, тээвэрлэсэн, илгээсэн, хэрэглэх орон байраар хангасан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завшсан, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан зэрэг хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, худалдаатай холбоотой бүхий л үйлдлийг эрүүлжүүлж хатуу ял шийтгэхээр тодорхойлж өгсөн.

Эрүүгийн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг хамгаалах баталгаа болж үйлчлэх ёстой. Иймээс эх орноосоо урвасан үйлдэлд хатуу чанга ял зэмлэл хүртээх ёстой. Эрүүгийн хуульд эх орноосоо урвах гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулсан ялыг бууруулаагүй, чанга хэвээр хадгалсан.Эх орноосоо урвах, гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг нь бүх насаараа хорих ялтай.

-Цагаан захтнуудын хэрэг гэгддэг авлига, албан тушаалын хэрэгт ногдуулах ялын бодлого яаж тодорхойлогдсон бэ? Эрх мэдэлдээ дулдуйдан татвар төлөгчдийн мөнгө завшсан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд хүлээлгэх ял шийтгэл чухам яаж чангарав?

-Төрд хүн ажил хийх гэж ирдэг болохоос ашиг олох гэж очиж хэрхэвч таарахгүй. Шинэ Эрүүгийн хуулиар авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг эрс чангатгасан. Илүү нарийвчилж зохицуулсан. Тухайлбал төрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийг илүү нарийн тодорхойлсон. Мөн гадаадын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шинэчлэн томьёолж гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. Ганцхан жишээ хэлье.

Албан тушаалын гэмт хэрэгт хамаарах, нийтлэг үйлдэгддэг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг гэж бий. Энэ хэргийн тухайд онцолж хэлэхэд төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан, нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг саатуулсан, зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн асуудал хамаарна. Мөн төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан, улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсан тохиолдолд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хохирол шаардахгүй, үйлдэлээр нь гэмт хэрэгт тооцоод явахаар болсон. Ингэснээр төсвийн сахилга бат сайжирч, төрд хэрэгтэй, хэрэггүй зүйлсийгөндөр үнээр шахдаг, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг этгээдтэй хатуу хариуцлага тооцох боломж бүрдэж байгаа юм.

Төрд түмний төлөө зүтгэнэ гэж ирчихээд илүү харж, билүү долоож, төсвийн хөрөнгө, төслийн мөнгөнд гар дүрвэл Эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг төрийн албан хаагч бүр хатуу санаж ажиллах хэрэгтэй.

-Хүнийг гэмт хэрэгт холбогдуулж удаан хугацаагаар цагдан хорьдог. Гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд ойлгуулж зарлаж мэдээлчихээд гэнэт хэргийг нь хэрэгсэхгүй болгоод орхичихдог явдал амьдрал дээр цөөнгүй. Энэ гажуудал цэгцрэх болов уу?

-Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн яллагдагчаар татагдсаны дараа шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийнамь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэлбайгаа, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх,прокуророос дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг тохиолдолд авна.

Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэх талаар шүүх прокурор, яллагдагч түүний өмгөөлөгчийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж талуудыг мэтгэлцэх, нотлох баримт гаргах бололцоогоор ханган үндэслэлтэй гэж үзвэл зөвхөн шүүхийн шийдвэрээр цагдан хорино. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах бөгөөд яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүйгээр хуульчилсан байгаа.

-Зөрчлийн хуулиар баахан хүнийг л баривчилдаг болох нь гээд нэг хэсэг шуугисан. Яг ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бас л худлаа хийрхсэн мэдээлэл. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэж үг байдаг даа. Тэгвэл манай зарим улс төрчид мэдэж байсан ч мэдэхгүй царайлж гөрддөг, амин хувийн явцуу эрх ашиг, атгаг санаандаа хөтлөгдөж хуулийг гуйвуулж тайлбарладаг болсны л нэг жишээ.Баривчлах шийтгэлийг Зөрчлийн хуулиар ердөө дөрвөн тохиолдолд 7-30 хоног хэрэглэх шаардлага байна гэж үзсэн.

Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл, жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол, халаасны хулгай хийвэл, танхайрах гэсэн дөрвөн төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулна. Гэр орныхноо зодож нүдээд, дайрч давшлаад, хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдийг баривчлахгүй байж таарахгүй биз дээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг зүгээр торгоод явуулчихаж болохгүй биз дээ. Энэ бүхний цаана өрөөл бусдын амь нас, эрүүл мэнд гэж бий. Тиймээс баривчлах шийтгэл оноох нь аюул эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Халаасны хулгай хийсэн нөхрийг торгоод өнгөрөх нь эгээ л торгуульд өгсөн мөнгөө дахиад хулгай хийгээд ол гэсэнтэй адил тэнэг хэрэг болно. Танхайрсан нөхрийг торгоод явуулах нь толгойг нь илсэнээс өөрцгүй л юм болж хувирна. Тийм болохоор дээрх дөрвөн төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оноох нь шударга ёсонд нийцнэ л гэж үзсэн юм. Зөрчлийн тухай хуульд 1600 зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг нарийн тодорхойлж өглөө.

Зөрчил гаргагчийн зөрчлийн төрөл, хэр хэмжээнээс хамаарч торгох, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасахаар тогтоосон. Торгуулийн хэмжээг нэгжээр илэрхийлж, нэг нэгж 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгон 2 дахин бууруулсан. 2015 онд торгуулийн дээд хэмжээг 1 тэрбум төгрөг байхаар санал оруулж байсныг 100 сая төгрөг хүртэл болгон бууруулж баталсан юм. Нийт 1600 орчим зөрчлийн ердөө 40 хувьд нь одоо байгаа торгуулийн хэмжээг хэвээр хадгалж, 60 хувьд торгуулийн хэмжээг бууруулсан. Ингэсээр байтал торгуулийн хэмжээг хуугаар нь нэмлээ, баривчлах шийтгэлийг бөөнөөр нь оногдуулахаар боллоо гэж улайм цайм гөрдөөд байгаа улсыг ерөөсөө ойлгодоггүй юм. Тийм хүмүүсийн тэнэг үгэнд итгэхээр шинэ батлагдан хэрэгжиж байгаа хуулиа харчихвал тэнд цагаан дээр хараар биччихсэн бүх зүйл заалт нь бэлэн байж байгаа шүү дээ.

-Саяхан Монгол Улсын Засгийн газар Арбитрын томоохон маргаанд ялалт байгуулсан гэсэн мэдээ гарсан ч сонгуулийн дуулианд дарагдаад өнгөрөх шиг боллоо. Яг ямар учиртай маргаан байсан юм бэ?

-Бараг нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн арбитрын маргаанд бид ялалт байгуулж чадсан. Энэ бол эдийн засагт учирч болзошгүй байсан их том эрсдлээс сэргийлж чадсан баяртай үйл явдал. Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгуулсан. Нэхэмжлэгч тал 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм билээ. Гэсэн ч арбитрын бүрэлдэхүүн Хятадын компаниудын энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан. Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн байсан юм. Энэ орд 250 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг. Монгол Улсын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр” ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж “Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортлож байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь 2006 онд хүчингүй болгосон байдаг юм. Гэтэл нэхэмжлэгчид болох БНХАУ-ын “Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компаниуд манай улсаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардал бараг нэг тэрбум ам.долларыг нэхэмжилсэн юм. Харин Засгийн газар, манай хуульчид болон олон улсад нэр хүндтэй хуулийн фирмүүдийн хамтын ажиллагаа, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд энэ маргаанд бид ялалт байгуулж чадсан. Дашрамд дурдахад бидний шинэчлэн боловсруулж батласан Арбитрын хууль маань энэ мэт эрсдлээс хамгаалсан, олон улсын жишиг шаардлагад нийцсэн сайн хууль болсныг давхар тэмдэглэх хэрэгтэй.

-Сүүлийн үед Х.Баттулга Ерөнхийлөгч нэлээд улс төржсөн мэдэгдэл хийж, янз бүрийн шийдвэр гаргаж байна гээд байгаа. Танай намд ч ялгаагүй Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хариуцлагын асуудлыг хөндөөд эхэллээ. Ялангуяа намын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өгч дараагийн намын даргыг томилох ёстой гэж байна. Энэ хүрээнд зарим хүмүүсийн нэр ч яригдаад эхэллээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор та ямар байр суурьтай байна вэ?

-Би үүн дээр ганц л зүйлийг хэлье. Ер нь аливаа асуудлыг зөвшилцөл ойлголцолоор шийдэх ёстой. Хэрүүл талцал, хийрхэл хөөрхөлөөр хол явахгүй. Хэн нэг хувь хүний, хэсэг бүлгийн гэхээс илүүтэй эхлээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эн тэргүүнд тавих ёстой. Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй. Өеөдсөн эдийн засаг маань өндийж эхэлж байна. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Олон улсын валютын сан ч биднийг анхааралтай ажиглаж байна. Улс гэрээ нурааж талцахын уршгийг өмнөх жилүүдэд бид хангалттай амссан. Тийм болохоор тэр алдааг давтах эрх хэнд ч байхгүй. Итгэж сонгосон хүмүүсийнхээ эрх ашгийг урьтал болгож, эх орныхоо төлөө зүтгэж ажиллах цаг ирсэн гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа байлгүй дээ.


Үүсгэсэн: 2018-03-16 11:14

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..